Увс аймаг өнөөдөр үүрээр цахилгаан эрчим хүчтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСҮндсэндээ баруун гурван аймгийн цахилгаан эрчим хүчний салбарын 100 гаруй ажилтнууд дөрвөн хоног өдөр шөнөгүй ажилласны эцэст Улаангом Чадан чиглэлийн 220 кв-ын агаарын шугамын гурван тулгуур баганыг босгож, Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд гэрэл цахилгаантай болоод байна. Одоо Увс Ховд чиглэлийн 110 кв-ийн 9 ширхэг баганыг босгох ажил эхэлсэн бөгөөд Ховд, Баян-Өлгий аймгууд Дөргөний усан цахилгаан станц чиглэлийн нөөц шугамыг ашиглан ОХУ-аас гэрэл цахилгаан аваад байна.
Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Увс
аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас цахилгаан
дамжуулах агаарын тулгуур 12 багана унаж, 101 айлын гэр, 117 айлын хашаа, малын
хашаа саравч, 13 хувийн орон сууц, 23 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр унасан юм.
Тэрчлэн Наранбулаг, Түргэн суманд 8 өрхийн 3900 орчим толгой мал салхинд
уруудсаныг эрлийг ажлын хэсэг гарч олж өгчээ. Салхинд уруудсан мал сүргээс 40
гаруй мал чононд бариулсан байна. Үүнээс гадна малтайгаа уруудсан хоёр иргэнийг
малтай нь эсэн мэнд олж, мориноос унаж бэртсэн иргэнийг олж ар гэрт нь
хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн салхи шуурганы улмаас орон гэргүй болсон 1-3
насны гурван хүүхэд, 20-30 насны хоёр эмэгтэй, нэг өндөр настан болон цасанд
боогдсон найман иргэн, нийтдээ 17 иргэний амь насыг аймгийн ОБГ-ынхан авран
хамгаалсан аж.
Гамшгийн хор уршгийг арилгах
чиглэлээр төр захиргааны 11 байгууллага, 10 сумын ЗДТГ, иргэдээс 460 ажилтан
албан хаагч, иргэд, 79 автомашин техник ажилласан байна. Мөн Ховд, Баян-Өлгий
аймгаас болон Цахилгаан түгээх үндэсний сүлжээ компани, Эрчим хүчний яамны
Бодлогын хэрэгжилтийн газраас баг ирж ажиллаж байна. Нэгдсэн халаалтад
холбогдсон барилгуудад хөлдөлт үүсгэхгүй байх зорилгоор байгууллага, сумдад 58
бага оврын дизель станц ажиллуулжээ.