Гүржид ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТБИЛИСИ. /RIA Novosti/. Гүржид ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураах байрууд лхагва гарагт нээгдлээ.
Аравдугаар сарын 28-нд болсон Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн 25 нэр дэвшигчээс хэн нь ч ялахад зайлшгүй шаардлагатай саналыг авч чадаагүй юм. Эхний санал хураалтад хамгийн олон санал авч, хоёр дахь шатанд өрсөлдөж байгаа хоёр хүн бол эрх баригч “Гүрж мөрөөдөл” намаас нэр дэвшигч Саломе Зурабишвили, сөрөг хүчний “Эв нэгдлийн хүч чадал” эвслээс нэр дэвшигч Григол Вашазе нар юм. Сөрөг хүчний эвслийн бүрэлдэхүүнд Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам орсон байна.
Саналын хуудсыг гүрж, армян, азербайжан хэлээр хэвлэжээ. Гүржийн
Сонгуулийн ерөнхий хороо нийтдээ 3703 санал хураах байр нээсний 55 нь гадаадад
оршин суугаа иргэдэд зориулагдсан байна. ОХУ-ын нутаг дэвсгэрт санал хураах
байр нээгдээгүй бөгөөд энэ нь хоёр орны хооронд дипломат харилцаа байхгүй
байгаатай холбоотой. Үүний улмаас Орост оршин суудаг Гүржийн иргэд сонгуульд оролцож
чадахгүй гэсэн үг юм.
Санал хураах байрууд хаагдахаас өмнө олон нийтийн дунд
явуулсан санал асуулгын дүнг сурталчлах, нийтлэх хориотой байна.