"Тэмээн поло-2016" тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
norovsambuu@montsame.mn
2016-03-06 01:37:36

“Тэмээн поло-2016” улсын аварга шалгаруулах тэмцээн 3-дугаар сарын 5-ны өдөр  Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхэллээ.

Аймгийн ИТХ-ын “Монгол тэмээ-999” арга хэмжээг зохион байгуулах тухай тогтоол, 2015 оны “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг зохион байгуулах тогтоолыг үндэслэн Өмнөговьчууд 1000 тэмээг уралдуулж гиннесд бүртгүүлэх түүхэн арга хэмжээний үеэр тус тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Хоёр жил тодорхой шалтгааны улмаас завсардаад байсан “Тэмээн поло-2016" улсын аварга шалгаруулах тэмцээн өргөн дэлгэр болж, энэ жилийн тэмцээнд  долоон аймгийн 19 баг оролцож байна.

Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгаас гадна Өвөр Монголын өөртөө засах орны тэмээчид иржээ.

Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын тэмээн полоны холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-н гишүүн Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, МТПСАХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ өдөр хүрэл медалийн төлөөх тоглолт Дорноговь аймгийн Дулаан2 баг, Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёрдугаар багийн хооронд маш өрсөлдөөнтэй болж Дорноговь аймгийн Дулаан2 багийн ялалтаар өндөрлөлөө. Харин “Тэмээн поло-2016” улсын аварга шалгаруулах тэмцээний алтын төлөөх шийдвэрлэх тоглолт өглөө 9 цагт эхлэнэ. Харин 10 цагаас аймгийн морь барианы газарт “Монгол тэмээ-999” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болно.

Н.Золбаяр

Холбоотой мэдээ