Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-21 14:05:48


   Увс /МОНЦАМЭ/. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын хэсэг энэ сарын 18-21-ний өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.


Ажлын хэсэг өнөөдөр аймгийн хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн үр хүүхэд төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдүүдтэй уулзаж аймгийн салбар комиссын бичиг баримттай танилцаж зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Тэд  Увсад ажиллах хугацаандаа аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн архив болон аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэрэгтэй холбоотой баримт материалтай танилцах юм байна.

Увс аймагт 1464 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэсэн тоо баримт байдаг бөгөөд үүнээс 1400 хүн цагаатгагдсан гэсэн мэдээ байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан  тус ажлын хэсэгт шинээр материал бүрдүүлж өгөх сонирхолтой хүн Увс аймагт цөөнгүй байгаа аж.

 

Холбоотой мэдээ