Хүүхдийг сөрөг мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-14 15:18:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын 17 дахь илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Уг илтгэлийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-нд хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооны гишүүд саналаа хэлсэн юм.

Тухайлбал, гэм буруугүй иргэнийг хэлмэгдүүлж, гэмт хэрэгт буруутгах тохиолдол гарч байгаа бөгөөд уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ХҮЭК идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдгийг Ц.Нямдорж гишүүн хэллээ.

Мөн олон нийтийн сүлжээнд хүнийг эрхийг хамгаалах асуудал тулгамдаж байгааг Н.Учрал гишүүн хэлээд, “ХЭҮК, Цахим бодлогын түр хороотой нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Хүний эрх, хүүхдийн эрхийг олон нийтийн сүлжээнд хамгаалахдаа технологийн шийдэл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх гэсэн гурван ажлыг зэрэг хийх ёстой. Цахим бодлогын түр хорооноос Хүүхэд, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын саналыг авч байгаа. Мөн олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлийн судалгаа хийж, хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. ХЭҮК энэ асуудалд онцгой анхаарч, олон улсын байгууллагуудын туршлагыг судалж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.

Түүний саналыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан нар дэмжиж буйгаа хэлсэн юм. Ийнхүү Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 17 дахь илтгэлтэй холбогдуулан гаргах байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдийн дээр дурьдсан саналуудыг тусган батлахаар тогтов.

Холбоотой мэдээ