Хавдарыг эрт илрүүлэх зорилгоор аймаг даяар эрүүл мэндийн аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-04 10:36:18
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг” аян өрнөнө. Үүнийг Эрүүл мэндийн газар хувийн хэвшлийн 14 байгууллагатай хамтран явуулна. Гэхдээ үзлэг үнэ төлбөргүй биш гэдийг анхааруулж байна.

Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо энэ сарын 21-ээс 11 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ эмнэлгийн байгууллагуудын гаргасан багц үнээс аж ахуйн нэгж, байгууллага сонголт хийх юм. Тодруулбал, байгууллагууд ажилтнуудаа уг үзлэгт хамруулахдаа харьяа эрүүл мэндийн төвд хандах бөгөөд тэдний гаргасан үнийн багцаас сонголтоо хийнэ. Ийн аймаг даяар үзлэг, оношилгооны аян өрнүүлж буй гол шалтгаан нь Монгол Улсад хорт хавдарын өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой юм.

Тухайлбал, эрэгтэйчүүдэд илэрч буй нийт хавдарын 40.2 хувь нь элэг, 19.2 хувь нь ходоод, 13 хувь нь уушигны хорт хавдар эзэлж байна. Харин эмэгтэйчүүдэд элэг, умайн хүзүү, ходоодны хорт хавдар зонхилж байна. Иймд хорт хавдарыг эрт илрүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж сургах зорилгоор дээрх ажлыг санаачилжээ. Дашрамд дурдахад, Орхон аймагт жилд дунджаар 100 орчим хүн хортой болон хоргүй хавдараар өвчилдөг байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ