Хонгконг, Макаотой хэлэлцээр байгуулснаар ялтан шилжүүлэх боломжтойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-26 11:34:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Монгол, БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулжээ. Гэвч эдгээр гэрээ нь БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс тус улсын Засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулаа. Одоогоор манай улсын 35 иргэн Хонконгод ял эдэлж байгаа аж. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах чиглэлээр хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн ХЗДХ-ийн сайд онцолсон юм.

Монгол, Хонконгийн Засгийн газар хооронд 2016 онд Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулжээ. Харин “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр”-т энэ онд гарын үсэг зурсан бөгөөд хууль тогтоох дээд байгууллагаар эцэслэн батлуулахаар хоёр талын холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад хурлдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийг соёрхон батлав.

Холбоотой мэдээ