ТЦА-нд хяналтын пост байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-24 13:23:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор орон нутгийн замд байгуулж буй хяналтын 27 цэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-нд хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв /АТҮТ/ ТӨҮГ-аас олон улсын жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв. Үүнд ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч, камер, иж бүрэн компьютер, хурд хэмжигч, суурин гэрлэн дохио зэрэг техник хэрэгслүүд багтсан. 

Тоног төхөөрөмж гардуулах үеэр ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд хэлэхдээ, "Орон нутгийн замд иж бүрэн тоноглолтой хяналтын постууд байгуулснаар зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой" гэв.

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, хурандаа С.Баасанжав, "Энэ жил цагдаагийн байгууллагын бүтээн байгуулалтын жил байлаа. Улсын хэмжээнд нийтдээ 27 замын хөдөлгөөний хяналтын пост барьсан. Одоогоор 50 орчим хувь нь ашиглалтад орсон бөгөөд ирэх сард багтааж бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна" гэв.

Шинээр байгуулж буй тэдгээр хяналтын постуудад тоног төхөөрөмж, тусгай техник хамгийн их хэрэгцээ шаардлагатай бөгөөд ирэх сараас бүрэн ашиглалтад орсноор орон нутгийн замын ослын тоог бууруулах ач холбогдолтой юм.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын 60 гаруй хувь, ослоос нас барсан гэмт хэргийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд гардаг байна.



Холбоотой мэдээ