Д.Эрдэнэбат:Хэрэглээний зээл өссөн нь айл өрх өрийн дарамтад орж буйн илрэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-15 13:50:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, Монголбанкны удирдлагуудын мэдээллийг сонсчээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Төрийн аливаа бодлогыг хэрэгжүүлэхдээ өмнөх жилүүдийнхээ алдаа, дутагдлаас суралцан, засч сайжруулах ёстой гэдгийг тэрбээр хэлээд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд хэрэгжээгүй хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, ипотекийн зээл олголтыг сайжруулах заалт хангалттай хэрэгжээгүй. Нөгөөтэйгүүр, чанаргүй зээлийг бууруулах, инфляцийн түвшиг тогтвортой байлгах зэрэг зорилт хангагдаагүй. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж чадсангүй. Тиймээс дээрх алдаа, дутагдлаасаа суралцаж, ирэх онд Засгийн газар, Монголбанк бодлогын уялдаа, холбоогоо сайжруулан, хамтран ажиллахыг сануулж байна. Монгол Улсад гадаад, дотоод өр, импорт зэргээс үүдэлтэй эдийн засгийн олон дарамт бий. Түүнчлэн хэрэглээний зээл өссөөр байгаа нь айл, өрх өрийн дарамтад орж байгааг харуулж байна. Үүнийг ирэх оны мөнгөний бодлогод тусгаж, шийдвэрлэх ёстой. Энэ бүх саналаа Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ” хэмээв.

Холбоотой мэдээ