Дорнод цэргийн тойргийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд “Сэлэнгэ” сургуулилтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-09 10:49:36

ВЛАДИВОСТОК. /ТАСС/. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/  агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2018” сургуулилтад оролцоно гэж тус тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“ДЦТ-ийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд “Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилтын үеэр "дайсны" хуягт техникүүдийг устгах, десантын цэргүүдэд дэмжлэг үзүүлэх тактик боловсруулна. Тухайлбал, Ми-24 нисдэг тэргүүд сургуулилтын оргил үед галын дэмжлэг үзүүлэх бол Ми-8АМТШ нисдэг тэргүүд тактикийн десантын цэргүүдийг тухайн заасан бүсэд буулгана” гэж ДЦТ-ийн мэдээлэлд дурдсан байна.

Дайрагч нисэх хүчний хувьд Су-25 "Грач" дайрагч онгоцууд байлдааны гал нээх шатанд “дайсны” хуягт техникүүдийг устгах тактик боловсруулж, сургуулилтын оргил үед оролцохын өмнө байлдааны гал нээх сургууль хийх аж.

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2018” сургуулилт Буриад улсын цэргийн хээрийн сургуулилтын "Бурдун" цогцолборт болж байгаа юм. Энэ жилийн сургуулилтад хоёр талаас 1000 гаруй цэргийн алба хаагч, 200 хүртэл нэгж цэргийн техник оролцож байна.

Орос, Монголын цэргүүд сургуулилтын оргил үед агаарын десантын цэргүүдийн дэмжлэгтэйгээр террористуудтай хамтран тэмцэх тактик боловсруулна. Энэ жилийн сургуулилтад хоёр орны цэргийн алба хаагчид анх удаа танкийн шилдэг экипаж цолын төлөө өрсөлдөнө.

Хамтарсан сургууль аравдугаар сарын 12-нд дуусна. 

Холбоотой мэдээ