Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлангийнхаа нэр төрлийг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-10 15:49:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилээр хичээллэх дугуйлан, сургалтынхаа нэр төрлийг нэмэгдүүлжээ.

Энэ хичээлийн жилд морин хуур, бүжиг, шатар, зураг, баримал, жүжиглэх урлаг, найрал дуу, англи хэл, хөтлөх-ярих урлаг, компьютер графикийн дугуйлан мөн English speaking club, өдөр өнжүүлэх ангиудыг нээн хичээллүүлж буй ажээ. Өнгөрсөн жил шатар, морин хуур, драм, дүрслэх урлаг, бүжгийн гээд нийт таван төрлийн дугуйланд 200 гаруй хүүхдийг хамруулсан бол өдгөө 10 дугуйлан сургалтыг мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллүүлж эхэлжээ.

Дээрх дугуйланд хамрагдсан хүүхдүүдэд аймаг, бүс, улсын хэмжээний тэмцээн уралдаанд оролцож амжилтаа ахиулсаар байна. Тухайлбал, аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс зургаан хүүхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бол, Д.Баянмөнх багштай морин хуурын дугуйлангийн “Хишигтэн” хамтлангийн сурагчид өөрсдийн бие даасан дөрөв дэх тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэсэн.

Харин драмын дугуйлангийн сурагчид мэргэжлийн боловсон хүчнүүдтэй хамтран  “Мазаалай” театр тайзны анхны уран бүтээл болох “Ээжээ” болон “Алтан хөрш” жүжгийг олны хүртээл болгосон билээ.

 

Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ