Цогцолбор II сургууль улсын тэргүүний сургууль боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-10-06 19:08:04


Увс /МОНЦАМЭ/.. Улаангом сумын ерөнхий боловсролын цогцолбор II сургууль улсын тэргүүний сургууль боллоо. Сургуулийн удирдлагууд 10 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотноо болсон багш нарын баярын өдрийн арга хэмжээнд оролцож, салбарын сайдаасаа улсын тэргүүний сургуулийн батламжаа гардсан байна.

Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, улмаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг үнэлгээгээр ийнхүү “Улсын тэргүүний сургууль” хэмээх хүндтэй алдрын эзэн болсон байна.

“Брежнэвийн бэлгийн сургууль” гэгддэг тус сургууль нь байгуулагдаад 41 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон арван сурагчдыг төгсгөсөн Увс аймгийн тэргүүний сургуулиудын нэг юм. Сургууль энэ хичээлийн жилд 1200 гаруй сурагч 100-гаад багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

                                                                           Б.Батхүү

Холбоотой мэдээ