Манай улсад хүний үйлдэлтэй холбоотой жилд 94.5 тонн мөнгөн ус ялгардаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-04 15:22:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Мөнгөн усны тухай миннаматагийн конвенц, бичил уурхай"  үндэсний хэлэлцүүлгээр “Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж байна.


Тус хэлэлцүүлэгт холбогдох яамд болон  байгаль орчны байцаагчид, орон нутагт дахь  бичил уурхайн эрхлэгчид бүхий 150 төлөөлөгч оролцлоо. 



БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар /НХБТГ/-ын дарга Т.Булган, “НҮБ-ын “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг УИХ-аас 2015 онд соёрхон баталсан. Тус конвенцийн зорилго нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн мөнгөн ус, түүний нэгдлээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг хамгаалах явдал юм. Уг конвенцид нэгдсэнээр мөнгөн ус агуулсан батарей, унтраалга, флюрецент гэрлийн шил, гоо сайхны бүтээгдэхүүн, пестицид, хэмжилзүйн багаж тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортыг үе шаттай хориглож, тэдгээрийг мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүнээр орлуулах ажлыг шат дараатай зохион байгуулна. Мөн бичил уурхайд мөнгөн усыг түгээмэл хэрэглэж буй асуудлыг зохицуулж мөнгөн усны хэрэглээг таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг хүлээсэн. Дээрх конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилд улс орнууд "Алтны бичил уурхайн мөнгөн усны сөрөг нөлөөллийг бууруулах үндэсний хөтөлбөр"-өө боловсруулж хүргэх юм. Манай улс жил гаруйн өмнөөс судалгаа тооцоо хийж,  төсөл хөтөлбөр боловсруулсан. Үүнд оролцогч талуудын санал, шүүмжийг тусгахаар ажиллаж байна. Мөн түүнчлэн мөнгөн усны аюул, эрсдлийн талаарх мэдээллийг оролцогчдод өгөх юм" гэв. 

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын гаргасан аргачлалаар БОАЖЯ-наас  явуулсан мөнгөн усны тооллогын дүнг танилцуулсан юм. Уг тооллогын дүнгээр манай улсад хүний үйлдэлтэй холбоотойгоор жилд 94.5 тонн мөнгөн ус ялгарч байгаагаас 91 орчим хувь нь алт, зэсийн олборлолт, анхан шатны боловсруулалтаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хэдийгээр энэ үзүүлэлт дэлхийн зарим улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа хэдий ч цаашдаа байгаль орчинд ээлтэй технологи, туршлагыг нэвтрүүлэх, бохирдуулагч бодисын хяналтын систем ашиглах, хариуцлага бий болгох зайлшгүй шаардлагатай гэдэгт оролцогсод санал нэгдэв.


Хэлэлцүүлгийг НҮБ, БОАЖЯ, Олон улсын байгаль орчны сан хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 4, 5-ныг хүртэл  үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ