АН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-01 14:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах бодлого, оруулах санал, дүгнэлтээ нэгтгэв. Энэ талаар тус бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдааны эхэнд УИХ-ын 2018 оны Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэв.УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөхийлөгч Х.Баттулга Монгол Улсад тогтолцооны хямрал бий болж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэл хийх шаардлага бий болсон хэмээсэн.АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа хэмээн тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд онцлоод, “УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэг байгуулснаас хойш 3 жил болж байна. Ажлын хэсгийн боловсруулж буй төслийн талаар манай бүлэг тодорхой санал дэвшүүлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ түүнийг өөрчлөх талаар өрнөж буй процесс нь буруу байна. Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгын дагуу шийдвэрлэх нь чухал. Энэ 7 хоногийн гол сэдэв бол Үндсэн хуулийн цэцийн 10, 11 дүгээр дүгнэлт, Засгийн газрын гишүүний нөхөн томилгооны асуудал юм. Засгийн газрын гишүүний орон тоо гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилгоо хийх хуулийн заалттай. Гэвч энэ заалт зөрчигдөж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй” хэмээв.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван арга зам байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцлоод, “Үндсэн хуулийн 68 дугаар хэсэгт заасны дагуу Ард нийтийн санал асуулгын дагуу өөрчлөлт оруулж болно. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шийдвэрлэж болно. Гуравдугаарт, Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах боломж бий. АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ард түмний санал асуулгаар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуульд нэг нам хүч түрэн өөрчлөлт оруулах ёсгүй. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Энэ бол хууль зөрчсөн, улс төрийн нөлөөнд автсан шийдвэр гэж үзэж байна. Сонгох, сонгогдох нь иргэний жам ёсны суурь эрх. Үндсэн хуулийн цэц энэхүү суурь эрхийг хангасан шийдвэр гаргах ёстой юм” гэлээ.

Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өссөн, Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүд үр өгөөжийг нь хүртэж чадахгүй байгааг З.Нарантуяа гишүүн шүүмжлэв. Тэрбээр, “Энэ Засгийн газар маш баян. Гэвч төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларлаа. 2016 оны 6 дугаар сард ам.доллар 1950 төгрөг байсан бол өнөөдөр 2550 төгрөг болж өссөн. Мөн АИ-92 шатахуун 1730 төгрөгөөс 1820 төгрөг болж өссөн. Дизель түлш 30 хувь, хүнсний үнийн индеск 26 хувиар тус тус өслөө. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өр 78 хувиас 63 болж буурсан талаар эрх баригчид ярьж байгаа ч энэ худлаа. Засгийн газрын өр 2016 онд 16.6 их наяд байсан бол эдүгээ 22.6 их наяд болж өссөн. Тиймээс Засгийн газар иргэндээ чиглэсэн санхүү, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.

-Засгийн газар 2016 онд их хэмжээний өр өвлөж авсан. Үүнийг өнөөгийн эрх баригчид бий болгосон мэтээр ярих нь хэр оновчтой вэ?

-МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө АН-ын өрийг бүрэн дарж, дахиж өр тавихгүй гэж амласан. Сүүлийн хоёр жилд Монгол Улсын өр өссөн. Тиймээс бид энэ амлалтаа биелүүлэхийг шаардаж байгаа юм. Энэ бол сөрөг хүчний ажил.

-Дэлхийн дийлэнх оронд ам.долларын ханш чангарч байгаа. Энэ талаар та бүхэнд мэдээлэл бий юу?

-Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш чангарлаа гээд манай улс дагах ёсгүй. Улс бүрт өөрийн гэсэн мөнгөний бодлого бий. Өнөөгийн Төв банкинд ам.долларын ханшийг барих бүрэн боломж бий.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшилд өгөх үед Д.Эрдэнэбат гишүүн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Одоо яагаад бусдаас бурууг хайгаад байна вэ?

-Гадаадад байсан өмчийг Монгол Улсад оруулж ирсэн нь үнэн. 49 хувийг хувийн хэвшилд өгсөн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох боломжтой. Одоогоор Я.Санжмятав гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ асуудлыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ