Афганистан улсад үүрэг гүйцэтгэх багийн дарга С.Бат-Эрдэнэд төрийн далбаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-01 17:27:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "НАТО"-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын 8 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Жанжин” тугандаа хүндэтгэл үзүүлэв.


Бие бүрэлдэхүүнд ХХЕГ, ТТХГ, Зэвсэгт хүчний 113 алба хаагч багтжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан Хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, үүрэг гүйцэтгэгч баг бүрэлдэхүүний ар гэрийнхэн болон бусад албаны хүмүүс байлцав. Алба хаагчид "Жанжин" тугандаа хүндэтгэл үзүүлсэний дараа БХ-ын дэд сайд Т.Дуламдорж үүрэг гүйцэтгэх багийн дарга С.Бат-Эрдэнэд Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.



БХ-ын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ, "Афганистан улсын байгаль цаг уур, газар зүйн онцлог цагийн байдал зэрэг нь үүрэг гүйцэтгэхэд хэцүү хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, нэг санаа зорилгоор манай энхийг сахиулагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөж тус нутгийн ард иргэд төдийгүй бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил ур чадвараа таниулан, хүлээн зөвшөөрөгдөж үлгэр дуурайлал болж буйг  бахархалтайгаар хэлье. Тус ажиллагаагаар Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, эдийн засаг, гадаад харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг байнга ухамсарлаж үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэв.


Үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийн төлөөлөл, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр “Дэлхийн улс орнууд энх тайвныг бэхжүүлэхээр хүчин чармайлт гаргаж хүндрэл бэрхшээлтэй асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрхэмлэн тодорхой үр дүнд хүрч байгаа ч бүс нутаг улс орон, овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн үймээн самуун арилахгүй, терроризмын аюул занал оршсоор байгаа нь даяаршиж буй дэлхий ертөнцөд хэн бүхний сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд манай улс дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлст тодорхой үүрэг хариуцлага хүлээн хувь нэмрээ оруулж байна. Үүнд НҮБ-ын Энхийг дэмжих болон олон энхийг сахиулах ажиллагаанд манай алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа та бүхнийг хүндэтгэж байна. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бусад улсын зорилго нэгт цэргүүдтэй мөр зэрэгцэн явахад тэсвэр, хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжийг хүлээн зөвшөөрч, дэлхий дахин шагшин магтаж монгол хүний үнэлэмж өслөө. Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, дадлага, ур чадвараараа ажиллаганы газар оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өмнөх ээлжийн цэргийн багийн харуцлагатай албыг нэр төртэй үргэлжлүүлэн бахдам амжилт гаргаж ирнэ гэдэгт эцэг эх, ах дүү, гэр бүлийнхэн нь итгэл дүүрэн байна. Та бүхнийг зэвсэг барьсан дипломат ажилтан гэж ойлгодог. Та бүхнийхээ цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэв.



ЗХ-ний Цэргийн хамгаалалтын ротын 8 дугаар ээлжийн цэргийн багийн дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ, “Бие бүрэлдэхүүнд энхийг дэмжих ажиллагаанд өмнө үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай 60 гаруй албан хаагч багтаж байна. Афганистаны Кабул хотын цэргийн баазад 6 сарын хугацаанд шалган нэвтрүүлэх цэгүүд дээр “НАТО”-гийн цэргийн хүчний Америк, Англи, Дани улсын цэргүүдтэй хамтарч үүрэг гүйцэтгэнэ. Газар орны байдал хүйтэн сэрүүн цаг ууртай бөгөөд байнга халдлага, довтолгоо, террорист үйлдлүүд гарч байдаг. ЗХ-ний сургалтын нэгдсэн төвд тухайн газар орны цагийн байдлын мэдээг байнга авч бэлтгэл сургалтадаа тусган явуулсан. Сургалт бэлтгэлийн нөхцлийг хангаж өгсөн ЗХЖШ, БХЯ тэдний харъяа байгууллагуудад талархал илэрхийлье” гэв.

Тус ээлжийн бие бүрэлдэхүүн пүрэв гараг буюу энэ сарын 4-ний өдөр Афганистан Улсыг зорих аж.

Анх 2002 онд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд ажиглагч хоёр офицер явж байсан цагаас хойш 16 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 15 мянга гаруй цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэжээ.


С.Мөнхбаатар

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ