Гэмт хэргийг бууруулахад Цагдаа, ААН,иргэдийн хамтын ажиллагаа чухлыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-28 13:07:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Корпорейт конвеншн төвд өнөөдөр болсон “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгээс гэмт хэргийг бууруулахад дан ганц цагдаа биш, иргэд ААН, бүх нийтийн үүрэг оролцоо чухлыг онцлов.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга А.Амгалан, СБД-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга Б.Даваазул нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг нь ахуйн орчин, шөнийн цэнгээний газар, зочид буудал, тэдгээрийн ойр орчмын гудамж талбайд үйлдэгдэж иргэд хохирдог. Тэдгээрийн орчимд үйл ажиллагаа явуулдаг  байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэхэд Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллавал илүү үр дүнтэйг албаныхан онцолсон. Мөн энэ хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж эхний ээлжинд СБД-т хэрэгжүүлэх аж.

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга А.Амгалан, "Өнөөдрийн хэлэлцүүлгээр аж ахуй нэгжийн эрхлэгчдийг оролцуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Тус хэлэлцүүлгээр гэмт хэрэг илрүүлэхэд тэдгээр байгууллагын гэрэлтүүлэг, камер зэрэг орчны аюулгүй байдлыг сайжруулах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй байх, хөршийн холбоо байгуулж эрсдэлтэй цэгүүдийг тогтоон урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх зэрэг зөвлөмж боловсруулан холбогдох эрх мэдэл бүхий хүнд хүргүүлснээр гэмт хэргийг бууруулахад чухал ач холбогдолтой" гэв. 

СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат, “Зөвлөмжийг Сүхбаатар дүүрэгт байрлах ААН, Байгууллага, Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад хүргэж гурвалсан гэрээ байгуулж, ажлын хэсэг томилон зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Тухайн нутаг дээр гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох энэ ажлын хүрээнд амжилттай ажилласан байгууллагыг шагнаж урамшуулна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн онцлог нь нийслэлийн төвийн бүсэд байрлалтай, нийт 5215 байгууллага, ААН үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд төр захиргааны байгууллага, их дээд сургууль, үйлчилгээний төвүүд төвлөрсөн хүн амын хөдөлгөөн ихтэй дүүрэг юм. Энэ утгаараа гэмт хэрэг гаралтын тоо бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр хувьтай байдаг аж.

Хэлэлцүүлгийг ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл /ГХУСАЗЗ/ хамтран зохион байгуулав.

Холбоотой мэдээ