Д.Трамп болон Ким Жөн Уны уулзалт 11 дүгээр сард болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-27 10:04:35
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт 11 дүгээр сард болж магадгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр өглөө АНУ-ын “CBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дурджээ.


Бид нөхцөл байдлыг зөв зүйтэй тохируулж, хоёр удирдагчийн уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа гэж тэрбээр мэдэгдлээ.


Мөн тэрбээр, АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт 10 дугаар сард болох боломжтой хэдий ч цаг хугацааны хувьд 11 дүгээр сард болох магадлал илүү өндөр байна гэж мэдэгдээд, уг дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хийхээр удахгүй БНАСАУ-д айлчилна гэдгээ дурджээ.


Солонгосын дайн албан ёсоор дууссан гэж тунхаглах тухай асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэхийг БНАСАУ хүсвэл АНУ хүлээн зөвшөөрөх эсэх тухай түүнээс тодруулахад тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан байна.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ