Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах сургалт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-09-20 12:35:27

Улаанбаатар./МОНЦАМЭ/.  БСШУС-ын яам, НҮБ, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй мастер төлөвлөгөөг боловсруулж, салбарын болон дэд салбарын судалгаанд нарийвчилсан үнэлгээ хийж, үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой тав хоногийн сургалт семинар өнөөдөр БСШУСЯ-нд эхэллээ.


БСШУС-ын яам, Азийн хөгжлийн банк болон Сангийн яам энэ оны хоёрдугаар сард “Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг БСШУС-ын яам, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран хэрэгжүүлж байна. 

Сургалтад боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгийн гишүүд болох БСШУС-ын яам, болон харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл оролцож байна.

Энэ сарын 2-ныг хүртэл үргэлжлэх сургалтаар төлөвлөлтийн үйл явц, салбарын ба нөхцөл байдлын дүн шинжилгээ, хүртээмж, дотоод үр ашиг, тэгш боломж, боловсролын чанар, өртөг зардал, санхүүжилт зэрэг сэдэв багтжээ. Мөн гадаад үр ашиг, боловсролын салбарын удирдлагын асуудал, боловсролын симуляцийн загвар гэх мэт чухал сэдэв ч багтсан. Дээрх сэдвүүдийн хүрээнд ярилцаж, шийдэл гарган, оролцогчид багаар ажиллаж, дадлага ажил хийж буйгаараа онцлогтой. 

Холбоотой мэдээ