Дархан-Уул аймгийн удирдлагуудын томилгоог хууль ёсны эсэхийг судлан тогтоохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-16 14:43:00

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ  Дархан-Уул аймгийн удирдлагуудын томилгоог хууль ёсны эсэхийг судлан тогтоохыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас шаардаж байгаагаа мэдэгдэв.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. ИТХ 11 тэргүүлэгчтэй, тэргүүлэгчдийн ирц бүрдээгүй, цаг 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь ИТХ-ын дарга нь хурлаа хойшлуулах шийдвэр гаргажээ. Гэтэл ИТХ-ын тэргүүлэгч АН, МАН, МАХН-ын харьяалалтай П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үгсэж, "ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул" гэсэн тайлбартайгаар тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгох тогтоол гаргажээ. Ингэхдээ тэд ИТХ-ын даргын түлхүүрийг булаан авч ИТХ-ын тамгыг бус тэмдгийг дарсан. Улмаар аймгийн ИТХ-ын хуралдааныг есдүгээр сарын 15-нд хуралдуулах тов зарлан, Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулах, нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх тогтоол гаргасан аж. Ингэснээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулж, оронд нь шинээр хүн томилж, ИТХ-ын даргын албан өрөөний үүд, сейфийг эвдэлж тамга тэмдгийг нь булаан авч баталгаажуулсан гэж Д.Хаянхярваа гишүүн ярьлаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, "Би төрийн албанд 30 гаруй жил ажилласны 20 гаруй жилд нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутагт ажилласан. Тиймдээ ч орон нутгийн ажил амьдралыг байнга сонирхож, болж бүтэж байгаа зүйлийг дэмжиж, ямар хууль дүрэм зөрчигдөж байгааг анхааралтай ажиглаж байдаг. Аль нам нь ялсан байна гэхээсээ илүүтэй төрийн ажил хуулийн дагуу явах ёстой гэж үздэг. Дархан-Уул аймагт болж байгаа үйл явдлыг хоёр жилийн хугацаанд тэвчээртэй харсан. 2012 оны орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймагт МАН ялалт байгуулсан. Үүнээс хойш МАН-ын ялалтыг үгүйсгэх гэж, дотор нь хагаралдуулах замаар аймгийн эрх мэдлийг гартаа авах гэж хэсэг бүлэг хүмүүс санаархаж байсан. Энэ санаархлаа өнөөдөр хуулийн бус аргаар хэрэгжүүлж байгаад сэтгэл зовниж байна. 21 аймагт Дархан-Уул аймагт болсон шиг хууль зөрчсөн үйл явц үргэлжилвэл төр засаг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хууль дүрэмгүй, ажиллах чадамжгүй болж эхэлнэ. Бүхэлдээ засаглалын хямралд орох эрсдэлтэй. Хэрвээ хууль бус шийдвэрийг батламжилбал ийм хууль бус үйлдэл орон нутагт хавтгайрна. Нэгэнт аймгийн удирдлагуудаа огцруулъя гэж байгаа бол хуулийн хүрээнд хурлаа хуралдуулах ёстой" гэв.

Иймээс Дархан-Уул аймагт үүссэн асуудлаар ажлын хэсэг гаргаж, нягтлан шалгасны эцэст дараагийн шийдвэрээ гаргах ёстойг Ерөнхий сайд, ЗГХЭГ-т уламжилж буйгаа онцлов. Мөн ямар ч асуудлаар аймгийн Засаг дарга огцруулах асуудлыг хүлээж авахгүй гэж амалсан Ерөнхий сайдын үгийг ч энэ үеэр сануулсан юм. Үүний зэрэгцээ Д.Хаянхярваа гишүүн УИХ хугацаанаас өмнө тарах ёстой гэж хувь хүний хувьд үзэж буйгаа илэрхийллээ. Тэрээр "УИХ ямар нэг бодитой шийдвэр гаргах чадамжгүй болсон. Засгийн газар хуулийн хүрээнд ажиллах чадамжгүй болсон. Хамгийн зөв шийдэл нь УИХ хугацаанаас өмнө  тарж сонгууль явуулах цаг болжээ. Төрийн албанд ажиллах хугацаандаа бүх шатандаа хууль зөрчдөг, анархи байдалтай, дөрвөн жилийн турш ажил албан тушаал, эрх мэдлийн төлөө хууль зөрчин улайран зүтгэж байсан ийм он жилүүдийг мэдэхгүй юм" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд