Гуантанамогийн шоронг хаах төлөвлөгөөг танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-23 13:18:45

ВАШИНГТОН. /RIA Novosti/.  Кубын Гуантанамо арал дахь Америкийн цэргийн баазын шоронг хаах төлөвлөгөөгөө тус улсын Батлан хамгаалах яам мягмар гарагт буюу өнөөдөр танилцуулна гэж Пентагоны төлөөлөгч мэдээлжээ.

“Бид уг шоронг хугацаанд нь амжуулж хаахаар төлөвлөж байна” гэж Пентагоны төлөөлөгч Том Кроссон мэдэгдсэн байна.  Конгрессын шийдвэрийн дагуу энэ долоо хоногийн лхагва гарагаас өмнө танилцуулах ёстой Пентагоны төлөвлөгөөнд Гуантанамогийн шоронг хаах тухай дэлгэрэнгүй саналуудыг тусгах төлөвтэй байна. Одоо уг шоронд 91 хүн хоригдож байгаа юм.

Гуантанамо арал дахь Америкийн цэргийн баазын шоронг 2002 онд  “Аль-Каида” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг АНУ Афганистанд явуулж эхэлсний дараа терроризмд сэжиглэн гуравдагч оронд баривчилсан хүмүүсийг хорих зорилгоор байгуулжээ. АНУ-ын эрх баригчид тэднийг шүүж, ял оноогоогүй боловч маш аюултай хоригдлууд гэдэг шалтгаанаар сулладаггүй юм. Гуантанамогийн шоронг хаах бодолтой байгаа боловч Конгресс зөвшөөрөл өгөөгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урьд нь мэдэгдэж байв.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ