Такэшима арлыг эзэмших эрхээ Токио хамгаалсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-22 15:16:47

ТОКИО. /TASS/. Токио болон Сөүл хоорондын газар нутгийн маргааны сэдэв болох Такэшима /Токто/ арлыг эзэмших эрхээ Япон хамгаалсаар байна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгджээ.

“Энэ газар нутгийг эзэмших эрхийг хамгаалах нь манай улсын гол бодлогуудын нэг юм. Бид улс орны дотоодод болон гадаадад зохих дохиог өгсөөр байна” гэж тэрбээр Японы Симанэ мужид даваа гарагт “Такэшима арлын өдөр”-т зориулан зохион байгуулсан арга хэмжээний талаар тайлбар өгөхдөө хэлсэн байна.

Иймэрхүү арга хэмжээ зохион байгуулахад Өмнөд Солонгост ихэвчлэн эсэргүүцдэг. Киодо агентлагийн мэдээлснээр, даваа гарагт Сөүл хот дахь Японы Элчин сайдын яамны дэргэд хэдэн арван хүн цуглаж, “Токто арал бол Солонгосын газар нутаг” гэж чангаар давтан хэлцгээн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Такэшима /Токто/ бүлэг арал нь солонгосчуудын Зүүн тэнгис гэж нэрлэдэг Япон тэнгисийн баруун хэсэгт оршдог эзгүй жижиг арлууд юм. Энэ эзгүй арлууд нь 1945 онд Зөвлөлтийн арми Солонгосыг Японы колоничлолоос чөлөөлснөөс хойш олон улсын маргааны сэдэв болжээ. Одоо уг арлыг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин цөөн бүрэлдэхүүнтэй гарнизоноо байрлуулан хянаж байгаа юм.  Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд 1905 онд оруулсан энэ газар нутгийг Өмнөд Солонгос “хууль бусаар эзлэн авсан” гэж Токиогийн эрх баригчид мэдэгддэг байна. Харин Пхеньян болон Сөүлийн эрх баригчид уг арлыг түүхэндээ Солонгос улсын бүрэлдэхүүнд байсан гэж мэдэгддэг.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ