“Боко Харам”-д барьцаалагдсан 195 хүнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-19 10:56:36

РАБАТ. /TASS/. Нигери улсын Засгийн газрын арми улсынхаа зүүн хойд нутагт ажиллагаа явуулах үеэрээ хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан 195 хүнийг суллаж чаджээ. Энэ тухай тус улсын Зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Цэргүүд Борно хотод дайралт хийж, барьцааны хүмүүсээс гадна, хэт давруу үзэлтнүүдийн бүс нутгийн хүн амын суурингуудад халдахдаа ашигладаг 180 мотоциклыг илрүүлж чаджээ.

Үүнээс гадна, армийн отрядууд “Боко Харам”-ын босогчдыг устгасан гэж Нигерийн Зэвсэгт хүчний төлөөлөгч Сани Усман мэдээлсэн боловч чухам хэчнээн босогчийг устгасныг тодорхой дурдаагүй байна.

Нигерийн хойд болон зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг лалын шашинтнуудын “Боко Харам” бүлэглэл нь хөрш Нигер, Камерун, Чад улсын нутаг дэвсгэрт мөн халдлага үйлддэг. Тус бүлэглэл нь Нигерид лалын халифт улс байгуулж, шариатын дэглэм тогтоохыг оролдож байгаа юм.

“Боко Харам”-ын босогчид 2015 оны гуравдугаар сард террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ илтгэн тангараг өргөсөн билээ.

Сүүлийн зургаан жилд “Боко Харам” болон Засгийн газрын цэргүүдийн хооронд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас наад зах нь 17 мянган хүн амиа алджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ