Дархан Тайваний томоохон хотуудтай хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-18 16:59:37

Дархан-Уул аймагт Тайваний нийслэл Тайпэй хотын Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рун, тус газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ма Жүнь нар айлчлав.

Тэднийг аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нарын холбогдох албаны хүмүүс ЗДТГ-ын “Ёслол хүндэтгэлийн өргөө”-нд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд газар тариалан, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарыг аймагтаа түлхүү хөгжүүлэх боломжтойн дээр төмрийн хүдэр, нүүрс, алтны ордуудыг түшиглэж “Дархан Төмөрлөгийн үйлдвэр”-ийг кластер маягаар хөгжүүлэх, мөн аймагтаа “Олон улсын Нисэх онгоцны буудал” барихаар төлөвлөж байгаа тухайгаа танилцуулсан юм. Тэрбээр урлаг соёлын солилцоо, аж үйлдвэрлэлийн салбар тэр дундаа “Үйлдвэрлэл технологийн парк”-ийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа төлөөлөгч Хуан Куо Рунд илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ: -“Дархан хот Тайваны олон хотуудтай бүхий л салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Ялангуяа аж үйлдвэрлэл хөгжсөн Тайжу хоттой газар тариалан, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтарч ажиллах боломж байна” гэлээ. Тайваниас жилд 10 сая гаруй иргэн гадаадын улс орнуудад жуулчилдаг байна. Тэдгээрийн 2000 гаруй нь Монголд жуулчилж ирдэг нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд дээрх жуулчдын анхаарлыг Дархан-Уул аймагт татах ажлыг эхлүүлэх нь чухал байгааг талууд уулзалтын үеэр онцлов. Мөн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд ирэх сарын 28-29-ний өдрүүдэд болох “Дарханы хөгжил-2016” Олон улсын эдийн засгийн форумд хүрэлцэн ирж Дархан-Уул аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал хэтийн төлвийн талаар, цаашид урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхийг зочдоос хүслээ.

                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ