“Сэлэнгэ-2016”-г төлөвлөх зөвлөгөөн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-17 10:50:42

УЛААН-ҮД. /baikal-daily/. Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2016” цэргийн сургуулийг төлөвлөх зөвлөгөөний эхний шат Дорнод цэргийн тойрогт /ДЦТ/ боллоо.

Буриадын Улаан-Үд хотод болсон төлөвлөгөөт бага хурлын үеэр ДЦТ болон Монголын Зэвсэгт хүчний төлөөлөгчид “Сэлэнгэ” сургуулилтыг энэ оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны хооронд ДЦТ-ийн “Бурдуны” полигонд хийхээр тохиролцжээ. Энэ жилийн сургуулилтад хоёр талаас 1000 орчим цэрэг оролцох төлөвтэй байна. Сургуулилтын явцад цэргийн хамтарсан бүлгийн бие бүрэлдэхүүн заасан бүсэд аюулгүйн байдлын бүс байгуулах, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг бүслэн хааж, устгах терроризмтой тэмцэх ажиллагааны тактикийн хувилбаруудыг боловсруулна.

Цэргийн хамтарсан сургуулилтад бэлтгэх, явуулах асуудлаарх зөвлөгөөний хоёр дахь шатыг ирэх дөрөвдүгээр сард Монголын нийслэл Улаанбаатар хотод явуулахаар төлөвлөж байна гэж ДЦТ-ийн хэвлэлийн алба мэдээлжээ.

2008 оноос эхлэн жил бүр явуулж байгаа Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ” сургуулилтыг өнгөрсөн онд Өвөр Байгалын хязгаарын “Цугол” полигонд хийсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ