Зам тээврийн ослын улмаас таван хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-02-16 14:03:04

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлд хулгай, дээрэм болох ахуйн хүрээний гэмт хэргийн гаралт 40 орчим хувиар буурсан ч замын хөдөлгөөний журам зөрчсөнөөс үүдэн хүний амь эрсэдсэн хэргүүд олноор бүртгэгджээ.

Эдгээр хэргүүдийн дийлэнхи нь хөдөө орон нутагт гарсан нь иргэдийн хөдөлгөөн сар шинийн өдрүүдэд орон нутаг руу чиглэсэнтэй холбоотой байжээ. Тухайлбал өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдам хөндий гэх газарт, хоёр автомашин мөргөлдсөний улмаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 72 настай эрэгтэй Т амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 33 настай эрэгтэй Б-гийн жолоодож явсан “Hуundai avante” маркийн автомашин, 49 настай эрэгтэй Н-ийн жолоодож явсан “Land cruiser-100” маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөний улмаас явган зорчигч амь насаа алдсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

Энэ өдөр Булган аймгийн Бугат сумын Зоон даваа гэх газарт Д гэх жолоочтой “Toyata prius-20” маркийн автомашин зам тээврийн осол гаргаж, тус аймгийн Баян-Агт суманд суух 21 настай эрэгтэй Ц болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух, 21 настай, эмэгтэй Б нарын амь насыг хохироосон хэрэг гарчээ. Мөн Ховд аймгийн Мөст болон Манхан сумдад согтуугаар машин барьсан болон жолоочийн буруутай үйлдлээс болж зорчигч 78 настай эрэгтэй болон 66 настай эмэгтэй нар амь насаа алдсан байна. Дээр дурдсан хэргүүд нь зөвхөн хүний амь нас эрсэдсэн гэх хэргүүд бөгөөд эдгээрээс гадна амь нас эрсдээгүй боловч хүнд, хүндэвтэр гэмтэлтэй хэргүүд олон байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллэж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ