Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 14:42:57

“Улаанбаатар ДЦС-5 төсөл”-ийн концессийн гэрээг тус төслийн  хэрэгжүүлэгчээр шалгарсан “International Power Plc, Sojits Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан.

Концессийн гэрээнд 2014 оны 6 дугаар сарын 20-нд талууд гарын үсэг зурснаас ажлын хэсэг концесс эзэмшигчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний хэлэлцээрийг хийж, энэ оны 7 дугаар сард гарын үсэг зуржээ. Консерциумын зүгээс энэ оны 12 дугаар сард багтаан санхүүгийн хаалт хийж, 2016 оны эхний улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2,5-3 жилийн хугацаанд станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор гадаад, дотоодын 15 компани тендерийн баримт бичиг авсан боловч 4 компани саналаа ирүүлжээ.

“ДЦС-III” ТӨХК-ийг 250 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгджээ. Хоёрдугаар шатны шинэчлэлээр Дунд даралтын хэсгийг буулгаж, 2х125 МВт-ын хүчин чадалтай орчин үеийн өндөр үр ашигтай дулааны станцыг 2016-2017 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Амгалангийн дулааны станцын барилга угсралтын ажлын хүрээнд 116 МВт-ын 3 зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламж зэрэг 36 төрлийн барилга байгууламж, нэгдсэн хяналт, удирдлагын системийн угсралтын ажил хийгдэж, 97 хувийн гүйцэтгэлтэй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд