Мянга гаруй ажилтан цалингаа авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-03 09:27:00
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн 40 жилийн ойн хүрээнд орон сууцны гадна фасадыг будсан 50 гаруй компанийн 1000 орчим ажилтан цалингаа авч чадаагүй тул аймгийн ИТХ-д ханджээ.

Өнгөрсөн зун Орхон аймаг орон сууцны зургаан хорооллынхоо гурвыг нь будсан. Ингэхдээ аймгийн удирдлагууд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн охин компани болох  “РСЦ” ХХК-тай гэрээ байгуулсан юм. Харин “РСЦ” ХХК туслан гүйцэтгэгчээр 50 компанитай гэрээ байгуулжээ. Гэвч эдгээр компанийн 1000 гаруй ажилтаны цалинг өгөөгүй байна. Үүнээс үүдэж Татварын байгууллагад 200, ажилчдын цалинд 2 тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Туслан гүйцэтгэгчээр ажилласан нэг компани хамгийн багадаа 15-20 ажилтантай байсан аж.  Иймд туслан гүйцэтгэгчээр ажилласан компаниуд нэгдэж цалингаа авахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүсэлт гаргасан боловч үр дүнд хүрээгүй тул АИТХ-д ханджээ.

Орон сууц будах ажил нийт 3 тэрбум 739 сая төгрөгийг өртөгтэй бөгөөд үүний 884 сая төгрөгийг орон нутаг, үлдсэнийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргасан байна. Ингэхдээ 884 сая төгрөгийг “РСЦ” ХХК-д шилжүүлсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ