Турк: ОХУ агаарын хил зөрчсөнөө нууж чадахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-01 13:33:34

АНКАРА. /Anadolu/. ОХУ-ын нисэх онгоц Туркийн агаарын хилийг зөрчиж байгаа нь тус улс болон НАТО-гийн радарт илэрсэнтэй холбогдуулан Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу, ОХУ манай агаарын хилийг зөрчиж байгаагаа хэзээ ч нуун дарагдуулж чадахгүй гэж мэдэгджээ.

Саудын Арабын Рияд хотод айлчлах үеэрээ тэрбээр тус улсын Хааны ордонд болсон хэвлэлийн бага хуралд оролцож, “дэлхийд тусгаарлагдсан улс нэг ч байхгүй учир болоогүй зүйлийг болсон мэт харагдуулах эсвэл болоод өнгөрсөн ямар нэг хэргийг, тодруулбал, агаарын хилийг зөрчсөн асуудлыг нууж чадахгүй. Тиймээс ОХУ Туркийн агаарын хилийг зөрчсөн асуудлаа ямар ч байдлаар үгүйсгэж чадахгүй” гэж мэдэгджээ.

Баасан гарагийн үд дундад ОХУ-ын сөнөөгч-бөмбөгдөгч “Су-34” нисэх онгоцонд Туркийн цэргийнхэн англи болон орос хэлээр нэг бус удаа анхааруулга өгсөөр байсан хэдий ч уг онгоц агаарын хилийг зөрчсөн болсохыг Туркийн Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт нотолсон байна.

Туркийн Агаарын цэргийн хүчнийхэн орон даяарх томоохон баазууддаа “улбар шар дохио” өгчээ.

Агаарын хилийг зөрчсөн хэрэг маш богино хугацаанд болж өнгөрсөн гэж Давутоглу мэдэгджээ.

Мөн тэрбээр, “ОХУ-тай үүсээд байгаа хурцадмал байдлыг даамжруулах хүсэл бидэнд байхгүй. Гэвч агаарын хилээ хамгаалахаа бид хэзээд илэрхийлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ