Ч.Сайханбилэг ирэх сонгууль хүртэл Засгийн газрыг тэргүүлнэ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-01-29 11:17:14

ВАШИНГТОН. /bloomberg/. Эдийн засгийн бодлоготой нь холбогдуулан Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал хураалтыг өчигдөр явуулж, тэрбээр ирэх зун болох сонгууль хүртэл Засгийн газрын эрхийг барихаар суудалдаа үлдлээ.

УИХ-ын 42 гишүүн санал хураалтад оролцсоны 31 нь түүнийг огцруулах саналаас татгалзсан байна. Хэлэлцүүлэг таван цаг үргэлжилжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавдугаар сард эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, “Оюутолгой” зэсийн ордын бүтээн байгуулалтын гэрээг “Рио Тинто” компанитай байгуулсан нь Монголын иргэдэд үр өгөөж багатай, ноогдол ашиг авах хугацаа тодорхойгүй, улсын өрийн дарамтыг нэмэгдүүлсэн гэж түүнийг огцруулах саналыг УИХ-ын 19 гишүүн өргөн барьсан байна.

Сонгууль болохоос өмнө хүнд байдалтай байгаа эдийн засгаа сэргээх таван сарын хугацаа Ч.Сайханбилэг болон түүний Ардчилсан намын холион бантантай фракцуудад байна. Тогтворгүй байдал болон түүхий эдийн ханшийн уналт нь Монголын Засгийн газрын бондын өгөөжийг дээд цэгт нь хүргэсэн байна.

Санал хураалтын дүн ингэж гарснаар 2016 оны сонгууль хүртэл Монголын улс төрийн байдал тогтвортой байх бөгөөд энэ утгаараа эрсдэл гарах магадлал буурч байгаа юм гэж “Mongolian Metals & Mining” судалгааны компанийг үүсгэн байгуулагч Дэйл Чой мэдэгдэв. Мөн тэрбээр, ирэх сонгууль болтол “Оюутолгой” ордын далд уурхайн ажил улс төрийн оролцоогүй болж байна гэж хэлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ