Ирвэсний тухай хууч яриа

Орон нутагт | Ховд
norovsambuu@montsame.mn
2016-01-29 02:31:04

Баруун алтайн нутгийн иргэд ирвэсний талаар сонин  содон зүйл ярьдаг. 

Тэрбээр, Ирвэсийг архирдаггүй гэдэг. Цээж нь хүржигнэн дуугарахаас биш чоно, нохой шиг архирч байхыг нь би л хувьд сонссонгүйг бодоход үнэн байх хэмээн нэгэн иргэн ярьсан байна.

Харин ирвэс харшиж тамирдсан тэмээ шиг гунганаж дуугардаг. Түүнийг "Ирвэс буйлна" гэлцэнэ. Холоос бол яг орилоо тэмээтэй хүн айсуй мэт сонсогдоно. Ойроос чих тавин сайтар сонсвол их гаслантай, зовлонтой, чихэнд чийртэй, дотор зарсхиймээр. Гэхдээ зарим хүн өөрөөр сонссон тохиолдол байдаг л юм. Хүн хүний мэдрэмж өөр юм даа.
Ирвэс барагтай бол тийн буйлах нь үгүй. Хэрвээ ирвэсийн буйлах сонсогдох аваас хүмүүс маш их цээрлэж, жийрхэж, ном гүрэм, дом засал хийлгэх нь ч бий. Учир нь харааж байгаа нь тэр гэх. Бас улайрч байгаа нь ч тэр гэх. "Буйлчихсан амьтан" гэх хэллэг байдаг. Энэ нь улайрсан, эр авсан ирвэсийг хэлнэ. Нэг тийн эр авсан ирвэс бол үнэнхээсээ аюул, гамшиг болдог гэдэг билээ. Үнэхээр ч гамшиг болтол нь, залхтал нь малчдыг зовоодог. Хотонд нь ороод амраахгүй байхаар буудлаа сольж, нүүхээр нүүдлийн мөр дагаад араас нь хүрээд ирдэг тохиолдол нэг бус удаа бий. Шинэ буудалд дөнгөж буугаад амарч ч амжаагүй байтал л нохойтой зодолдсоор хотонд ороод ирнэ дээ. Нэг хотонд орохоороо хэдэн шөнө дараалан ирнэ. 

Ирвэс бас муухай бархирдаг. Архирах биш, яг хүн бархирч байгаа мэт дуугарна. 
Би нэг бус удаа ирвэс буйлахыг сонссон, залуу зандан явсан тул тэр цээрлэх, жийрхэх тухай ч санаанд орж байсангүй. Тиймээс элдэв засал, дом ч хийлгээгүй. Тэглээ гээд надад муу болсныг санахгүй юм. Бодвоос нөгөө "Ёс мэдэхгүй хүнд ёр халддаггүйн үлгэр" тэр болсон байж магад гэж бас нэг нь ярьсан байна.

А.Бямбасүрэн
 

 

Холбоотой мэдээ