Баяндэлгэр сум тэргүүний сумаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 10:35:09

Сүхбаатар аймгийн засаг даргын 501 тоот захирамжаар гал бичин жилийн босгон дээрх аймгийн шилдгүүд тодорчээ. 2015 оны “Тэргүүний сум”-аар Баяндэлгэр сум тодорсон бол удаах байруудад Түмэнцогт, Баруун-Урт сумд шалгарсан байна.

Баяндэлгэр сум нь хүн ам,  малын тооллогоор 1300 гаруй өрхийн 4872 хүн ам, 405,917 толгой мал тоолуулжээ. Малынхаа тоогоор аймагтаа нэгдүгээр байранд, улсад дөрөвдүгээр байранд бичигдэж байна. Энэ байруудаа сүүлийн хэдэн жил хадгалж байгааг онцолъё.

2015 онд сумынхаа түүхт 90 жилийнхээ ойг өндөр зохион байгуулалтан доор тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд сумын уугуул, суугуул иргэдийн хандиваар 747 сая төгрөгөөр сумын угталт үдэлтийн хаалга, гэрэлт цамхаг, Таван хошуу малын хөшөө, хийморийн морины хөшөө, худалдааны төвүүд зэрэг  бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

Мөн хөдөө сумдаас Баяндэлгэр суманд анх удаа цэвэр бохирыг нь атморын аргаар бүрэн шийдсэн орчин үеийн тохилог  орон сууц ашиглалтанд орсон юм. Сүүлд дахин нэг орон сууц нэмэгдэж ашиглалтанд орсон ба уг орон сууц нь нэг давхартаа зургаан өрөө бүхий зочид буудал, хоол болон үйлчилгээний заалтай. Орон сууцны .эргэн тойронг хотхоны хэв маягт оруулан тохижуулж эхэлсэн.

Тус сумаас энэ жил аймгийн алдарт уяач-3, аймгийн сайн малчин-5, сумын алдарт уяач-10, сумын сайн малчин-14 шинээр төрөн гарчээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ