НҮБ-ын тэргүүнийг илүү нээлттэй сонгоно

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2015-09-14 11:42:45

НҮБ. /NHK/. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг илүү нээлттэй, ил тод сонгох тухай тогтоолыг  НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ.

Бан Ги Мүний НҮБ-ын тэргүүний албыг хаших хоёр дахь таван жилийн хугацаа ирэх оны эцэс гэхэд дуусах гэж байгаатай холбоотойгоор уг тогтоолыг баталлаа.

Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван улс НҮБ-ын тэргүүнийг давуу эрхтэйгээр сонгодог юм. Гэхдээ НҮБ-ын тэргүүнийг сонгоход Ерөнхий Ассамблейн үүрэг оролцоог бэхжүүлж, илүү  ил тод сонгодог болох асуудлыг хэлэлцсээр байна.

Сүүлд баталсан тогтоолын дагуу нэр дэвшигчдийн жагсаалт болоод тэдний танилцуулгыг харах боломж НҮБ-ын гишүүн улсуудад анх удаа нээгдлээ. Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн дарга нарт өгөх ажээ. Мөн гишүүн улсууд  Ерөнхий Ассамблейд нэр дэвшигчдийн талаар санаа бодлоо хэлэх боломжтой.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байсан найман хүн бүгд эрэгтэй хүн билээ. Эмэгтэй хүнийг НҮБ-ын тэргүүнд нэр дэвшүүлэхийг уг тогтоолоор дамжуулан бүх улсад мөн уриалжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд