Өвөрхангай, Баян-Өлгий, Сэлэнгийн прокурорууд тайлангаа тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө болж байна. Аймаг орон нутгийн прокурорууд тус тусынхаа хяналт тавьж, шалган шийдвэрлэж байгаа хэргүүдээсээ тайлагнаж байгаа юм.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын тухайд өнгөрсөн онд нийт 833 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Харин 2015 онд 633 эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна. Эрүүгийн хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг байдаг. Жишээлбэл бурхны соёлын үнэт өвүүдийг хулгайлж, бусдад нууцаар худалдан, борлуулах хэрэг 5 бүртгэгджээ. Өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэнэ зуу” хийдээс соёлын үнэт өвүүд болох бурхад алдагдсан. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байна. Харин өнгөрөгч 11 дүгээр сард тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч амиа алдсан хэрэгт эрүү үүсгэн, нэг иргэнийг сэжигтнээр татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Ц.Ариунболд прокурор ярив.Одоогоор талийгаачийн цогцост хийсэн шүүх, эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Баян-Өлгий аймгийн тухайд ОХУ-ын иргэд, цөөн тооны Монгол иргэдтэй хамтран тус аймгийн малчдын малыг хилээр хууль бусаар гаргах, хулгайлах хэрэг нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар 120 гаруй адууг ОХУ-ын хилээр хулгайгаар гаргасан эзнийг тодруулахаар тус аймгийн хуулийн байгууллагынхан ажиллаж байна. Мөн өнгөрсөн 10 дугаар сард нийслэлийн харьяалалтай бүлэг иргэд 16 идлэг шонхор шувууг ОХУ- руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Баян-Өлгий аймгийн хуулийнхан илрүүлж, эрүү үүсгэн шалгажээ.
Харин Сэлэнгэ аймгийн тухайд хууль бусаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох хэрэг даамжирсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хулгайгаар алт олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ. Сэлэнгэ аймагт гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс 3.8 дахин өсчээ. Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулагийн боомтоор хууль бусаар архи, эм, ургамлын тос, тоо хэмжээ заан хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирэх болжээ. Мөн согтуугаар, ахуйн хүрээнд үйлдсэн хүн амины хэрэг 2.5 хувиар өсчээ.
Ж.Батсайхан