“ДДЦС” ТӨХК 30 сая еврогийн техник технологийн шинэчлэл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:50:12

Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны эрчим хүч хангалтын эх үүсвэр болох “ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид  танилцлаа.

Энэ үеэр тус станцын гүйцэтгэх захирал О.Нямдаваа станцынхаа өнөөгийн байдал, өвөлжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Дархан-Сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр, Монголын хоёрдогч том хот Дарханыг дулааны эрчим хүчээр хангадаг цорын ганц эх үүсвэр нь “ДДЦС” ТӨХК  юм. Эднийх жилд 302 сая.квт.цаг цахилгаан эрчим хүч, 1196 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Станц өнөөгийн байдлаар таван зуух, дөрвөн машинаар цахилгаан эрчим хүчний 42-44 мВт-н ачаалалтай, дулааны эрчим хүчиндээ 2500-2600 тонн цаг усыг 100-110 хэмээр халааж Дархан хотыг халаалт болон хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр иргэдээс “Жишиг хороолол”-ын эвдэрч сүйдсэн бүтээн байгуулалтыг сэргээн засварлах тухай саналууд олон удаа гарсан. Тиймээс ИТХ-ын дарга П.Эрдэнэбат ДДЦС ТӨХК-ийн удирдлагуудад хандсанаар тус компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “Жишиг хорооллол”-ын найман гэрэлтүүлэг, зургаан сандал, эвдэрсэн хүүхдийн талбай болон тоглоомууд, хаалга хашаа, мөн ногоон байгууламжийг сэргээн засварлажээ. Цаашид Дархан хотыг дулаан, цахилгааны эрчим хүчээр тасралтгүй  найдвартай хангах, компани зах зээлийн зарчмаар бусад станцтай өрөлдөхүйц болох үр ашигтай ажиллая гэвэл хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай. “ДДЦС” ТӨХК нь 2016 онд ХБНГУ-ын зээлийн хөрөнгө оруулалтаар 30 сая еврогийн  техник технологийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх гэж байна. Уг хөрөнгө оруулалтаар эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг авчрах бөгөөд тэдгээр нь хүнд даацын овор хэмжээ ихтэй учраас угсрах, хурааж байрлуулах,зөөвөрлөх зэрэг тээвэр,ложистикийн газрын асуудал хүнд байгаа юм байна.

ХБНГУ-ын хөрөнгө оруулагчид өргөтгөлийн ажлын бараа  материал буулгах угсрах талбай хангалтгүй байгаа тухай зөвлөмж хүргүүлжээ. Мөн одоогийн үйлдвэрлэж байгаа 42-44 мВт-н хүчин чадлыг  200  мВт болгож нэмэгдүүлэх үүднээс ТЭЗҮ-н тооцоо, судалгааг янз бүрийн хувилбараар  хийлгэхээр “МОН-ЭНЕРЖИ КОНСАЛТ” ХХК, ХБНГУ-ын “GOPA International Energy Consultants”  БНХАУ-ын “СМЕС” зэрэг компанитай  ярилцаж байгаа аж. Эдгээр компаниуд урьдчилсан байдлаар тооцоо судалгаагаа ирүүлж мэргэжилтнүүдээ ажиллуулсан. Энэ асуудал шийдэгдсний дараа дахин газар авах шаардлага гарна . Тиймээс орон нутгийн шийдвэр гаргах эрх бүхий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг газрын асуудлыг нааштайгаар шийдэж өгөхийг хүслээ.

                                              Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ