Дуучин Селин Дионы нөхөр нас нөгчжээ

Дэлхийд | Соёл урлаг
jargal@montsame.mn
2016-01-15 10:51:19

ЛАС-ВЕГАС. /AP/. Канадын дуучин Селин Дионы нөхөр бөгөөд менежер Рене Анжелил 73 насандаа Америкт нас нөгчжээ. Энэ тухай дуучны “Facebook” дэх хуудсанд мэдээлсэн байна. Тэрбээр нэгдүгээр сарын 14-нд буюу пүрэв гарагт Лас-Вегас хот дахь гэртээ “хорт хавдартай урт удаан хугацаанд хатуужилтай тэмцсэний эцэст” нас баржээ.

Селин Дион 1980 онд 12 настай байхдаа Рене Анжелилтай танилцжээ. Тухайн үед Рене 38 настай байсан байна. Тэд 1987 оноос болзож эхэлсэн бол дөрвөн жилийн дараа сүй тавьжээ. Селин Дион, Рене Анжелил хоёр 1994 оны 12 дугаар сарын 17-нд Монреалын Нотр-Дам сүмд хуримаа хийснийг “The Washington Post” сонинд тэмдэглэж байна. 2000 оны нэгдүгээр сарын 5-нд хос Лас-Вегаст хуримын тангаргаа бататгажээ.  Мөн энэ онд Анжелилаас хорт хавдар илэрч, Дион гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийн тулд концерт тавихаа түр зогсоохоор шийдсэн байна. Хэдэн жилийн дараа өвчин намжиж, дуучин тайзнаа дахин гарч, Лас-Вегасын «Сизарс-Палас»-тай олон жилийн гэрээ байгуулжээ.

2013 онд Анжелилийн өвчин дахиж, Дион тайзаа дахин орхисон байна. 2015 оны гуравдугаар сард дуучин концертын ажилдаа эргэн орсноо мэдэгджээ.

Тэд гурван хүүхэдтэй бөгөөд том хүү Рене Чарлз нь 2001 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн бол хоёр ихэр Нельсон, Эдди нар нь 2010 оны 10 дугаар сарын 23-нд мэндэлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ