Мадайягаас 400 орчим хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /TASS/. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш анх удаа даваа гарагт хүмүүнлэгийн тусламж хүргэсэн Сирийн Мадайя хотоос 400 орчим хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Стивен О'Брайен тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хаалттай уулзалтын дараа мэдэгджээ.
“400 орчим хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Тэдэнд эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд эцэж турсан болон бусад шалтгааны улмаас амь нас нь аюулд ороод байна” гэж тэрбээр хэлсэн байна. Тэрбээр мөн Мадайя хот маш хүнд байдалд байгаа болохыг тус хотод орох зөвшөөрөл авсан НҮБ-ын ажилтнууд нотолсныг мэдээлжээ.
Испани болон Шинэ Зеланд улсын хүсэлтээр НҮБ-ын АЗ хаалттай хуралдсан байна. Уг уулзалтын дараа тус хоёр орны дипломатчид Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг сөргөлдөгч талуудад уриалжээ.
Д.Жаргал