Өмнөговь аймгийн спортын салбарынхан 575 медаль авч, улсдаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:02:56

Өнгөрөгч 2015 онд тус аймгийн цог золбоот тамирчид тив дэлхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс спортын гарамгай сайхан амжилт гаргаж, нийт 575 медаль авсан нь урьд өмнө давтагдаагүй амжилт төдийгүй оны онцлох үйл явдал болсныг тэмдэглэлээ.

Энэ сарын 24-ний өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Өмнөговь аймгийн БТСГ нь спортын ажлаараа улсдаа тэргүүлсэнийг зарлажээ. Түүнчлэн тус аймгийн Улсын тэргүүний 3-р сургуулийн Биеийн тамир спортын хамтлаг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно шагналыг хүртсэн олон сайхан амжилтаар 2015 оноо үдэж байна.

Тус аймгийнхан спортын төрлүүдээр амжилт гаргасан шилдгүүдээ шинэ оны өмнөхөн тодруулан шагнаж урамшуулсан юм. Өмнөговь аймгийн оны шилдгийн шилдэг тамирчнаар насанд хүрэгчдийн ангилалд хөнгөн атлетикийн тамирчин Цогтгэрэл, шилдэг тамирчнаар шагайн харвааны тамирчин Самданжигмэд, үндэсний сурын харваач Чинзүрх нар тус тус шалгарсан бол өсвөр үеийн ангилалд энэ оны шилдгийн шилдгээр 100 буудалт даамны тамирчин С.Мөнх-Оргил, харин шилдэг тамирчнаар гар бөмбөгийн тамирчин Б.Батсуурь, спорт явган аялалын тамирчин М.Хонгорзул, хөнгөн атлетикийн тамирчин Б.Ганжамьян нар тодорсон юм. Тэгвэл 2015 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар БТСГ-ын гар бөмбөгийн дасгалжуулагч Х.Рэнцэндорж тодорсон бол шилдэг дасгалжуулагчаар “Шидэт бүжиг” клубын багш А.Ууганбаяр, БТСГ-ын явган аялал, усан спортын дасгалжуулагч Лхагвадорж, шилдгийн шилдэг холбоогоор Шагайн холбоо тус тус шалгарлаа. Шилдгийн шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар Ажнай корпораци, шилдэг ивээн тэтгэгчээр Хүннүгийн говь, Таван толгой ХК, Говийн-Өгөөж, Говь гарден компаниуд тодорсон юм. 2015 оны шилдгийн шилдэг баг тамирчнаар Үндэсний сурын баг, шилдэг багаар Гар бөмбөг, сагсан бөмбөгийн баг тамирчид тодорлоо.

            Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ