Ослын улмаас 1 хүн амь эрсдэж, 10 цэргийн албан хаагч бэртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-12-24 12:04:54

Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн орчимд МИ-8 нисдэг тэрэг осолдсон талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны газрын дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ.

 "Өчигдөр орой  Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн  байрлалд МИ-8 загварын нисдэг тэрэг осолдож нэг хүний амь нас эрсдэж, цэргийн албан хаагчид бэртсэн харамсалтай осол гарлаа. Уг нисдэг тэргээр цэргийн сургалт, бэлтгэл төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байсан. Ослын улмаас техникч ахмад Н.Батбаяр амь насаа алдлаа.Тэрбээр 37 настай, Зэвсэгт хүчинд 17 жил ажилласан ахмад цолтой байв" гэлээ.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Нисдэг тэрэг осолдох үед нийт 11 цэргийн албан хаагч байснаас одоогийн  байдлаар хоёр цэргийн албан хаагчийн биеийн байдал хүндэвтэр, хагалгааны дараах байдалтай, дөрвөн цэргийн албан хаагч доод мөчний хугаралтай, нэг цэргийн албан хаагчийн хавирга хугарсан, гурван цэргийн албан хаагч арьсны гуужилттайгаар Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээр цэргийн албан хаагчдын эмчилгээнд БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабаас онцгой анхааран ажиллаж байна” гэлээ.

МИ8 нисдэг тэрэгний сургалт дадлагын нислэгт нисгэгч, сургагч нисгэгч, гэрэлтүүлэгч, дохиоллын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцож үүргээ гүйцэтгэж байсан аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид ослын газар үзлэг шалгалт хийж байна. Шөнийн сургалт дадлагыг сард 2-3 удаа амжилттай зохион байгуулдаг гэж байлаа. Харин МИ8 нисдэг тэрэгний талаарх мэдээллийг хэлэх боломжгүй, ослын дүгнэлт гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн юм.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ