“Боко харам”-тай хийж буй Нигерийн тэмцэлд тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-22 12:15:55

ЛОНДОН. /Anadolu/. “Боко харам” бүлэглэлтэй тэмцэж буй Нигерийн Зэвсэгт хүчинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхээ Их Британийн Батлан хамгаалахын яам мэдэгдэв.

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухаритай уулзахаар тус улсад даваа гарагт айлчилсныхаа дараа, тус улсад сургагчаар ажиллаж буй бие бүрэлдэхүүнийхээ тоог 2016 онд дахин нэмнэ гэдгээ Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фаллон мэдэгдсэн юм.

“Гэмгүй номхон иргэдийг барьцаалж, хөнөөсөн “Боко харам” бол хэрцгий бүлэглэл. Тэднийг дарахын тулд Нигерийн гаргаж буй хүчин зүтгэлтэй бид хамт. Бэлтгэл сургуулилтыг нь нэмснээр Нигерийн Зэвсэгт хүчинд босогчидтой тэмцэх талаар шийдэмгий ажиллагаа явуулахад тусална” гэж Фаллон хэлэв.

Их Британийн 300 орчим бие бүрэлдэхүүн 2016 онд Нигери дэх сургуулилтад туслах төлөвтэй байна. Түүнчлэн, сайжруулсан тэсрэх төхөөргөөс хамгаалах болон эрүүл мэндийн сургалт явуулж, зөвлөгөө өгөх тусламжийг Их Британи үзүүлнэ.

Нигерийн умард нутагт 2015 онд явуулсан, босогчидтой сургуульд 1000 орчим нигери цэрэг оролцсоныг Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ