Сэлэнгэ аймгийн нутагт 1.5 сая толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 10:14:13

Аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсээс бэлтгэсэн товч мэдээ

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны нийт 55 багийн 8781 малчин болон мал бүхий өрхөд 2015-2016 оны өвөл, хавар 1.5 сая толгой мал өвөлжиж байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Сант, Орхон, Орхонтуул, Сант сумдын 6 өрхийн 32706 толгой мал Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Говьсүмбэр аймгийн нутагт оторлож байна. Мөн 13213 мал бүхий 78 өрх өөрийн аймгийн бусад сумын нутагт, 9976 мал бүхий 43 өрх хилийн зурвас бүсэд, мөн бусад аймгаас 40109 мал бүхий 68 өрх тус тус өвөлжиж байна. Аймгийн нутаг дэвсгэрт цасанд хаагдсан зам даваа одоогоор байхгүй, малчин өрхийн хооронд болон бэлчээрт цас хөрлөж, шуураагүй, малын ямар нэгэн халдварт өвчин гараагүй, зүй бусын хорогдолгүй байна.

Аймгийн ХХААГ-ын мал аж ахуйн хэлтсээс бүх сумдтайгаа холбоо барьж, мал өвөлжилтийн талаар мэдээлэл авч байгаа гэлээ. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй Сайхан, Орхон, Орхонтуул, Сант сумдын малчин өрхийн байдалтай танилцаж, малчдад хүн, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг авч, ажиллаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг хүрэлцэхүйц өвс тэжээлийн нөөцтэй байна

Энэ жил Сэлэнгийн малчид өөрсдийнхөө хэрэгцээнд зориулан 133.6 мянган тонн байгалийн хадлан, 28.8 мянган тонн сүрэл, 7.6 мянган тонн ногоон тэжээл, 5.6. мянган тонн үйлдвэрийн тэжээл, 8.7 мянган тонн гар тэжээл бэтгэжээ.

Сэлэнгэ аймаг энэ жид аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 30 тонн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 850 тонн өвс, 510 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байв. Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд өнгөрсөн оны үлдэгдэл 40 тонн өвс, 12.5 тонн хүчит тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 587 тонн өвс, 90 тонн тэжээлийн нөөц байгаа ажээ. Энэ нь нийт өвөлжих малыг хонин толгойд шилжүүлснээр нэмэгдэл тэжээлээр 65 хоногт тэжээж хүрэлцэхүйц өвс тэжээлийн нөөц юм. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт мал сүрэг нэмэгдэл тэжээлд ороогүй байна.

Сэлэнгэ аймагт мал усаар дутагдахгүй өвөлжих боломжтой

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015-2016 оны өвөл, хавар бэлчээрт 3247 инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг ашиглаж байна.

Эдгээр худгийн бэлэн байдал 96.6 хувь, өрхийн усан хангамж 99 хувьтай байгаа нь мал усаар дутагдахгүй өвөлжих боломжтойг харуулж байгаа ажээ. Одоо аймгийн нийт нутгаар 3-16 см зузаан цасан бүрхүүл тогтсоны дотор Түшиг, Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг, Хүдэр сум, Цагааннуур, Зүүнбүрэн, Орхонтуул сумдын хойд хэсгээр 8-16 см зузаан цастай байна. Хүйтний эрч шөнөдөө 16-25 градус, өдөртөө 8-11 градус байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ