Гадны бялуу худалдаалахыг хориглолоо

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:19:57

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүл ахуйн шаардлагын үүднээс Шинэ жилийн баярын үеэр Улаанбаатар хот болон бусад аймгуудаас бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч худалдаалахгүй байх анхааруулгыг гаргажээ.

Хэрэв хадгалах хугацаа нь дууссан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, түүнчлэн хуурамч болон шошго тавих шаардлага хангаагүй мөн төрлийн бүтээгдэхүүн худалдсан иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор болсон байна. Тодруулбал, Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авахаар болжээ.

Бялууны төрлийн бүтээгдэхүүн нь тодорхой температуртай зориулалтын хөргүүрт 1-2 хоног хадгалж худалдаалдаг, түргэн муудаж чанар байдлаа алддаг байна. Улсын хэмжээнд хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй, буруу хадгалсан буюу хөлдсөн бялууны төрлийн бүтээгдэхүүнээс шалтгаалж нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого сүүлийн жилүүдэд ихээхэн гарч байгаа тул тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж тус анхааруулгын баталсан аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ