Ус, галын мөн чанарыг бүжгийн хэлээр үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-17 17:03:13

Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр Монгол, Швейцарь, Америкийн уран бүтээлчид хамтран “Усгал” бүжгэн жүжгийг толилуулахаар болжээ.

Эл бүтээлд орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт эрэгтэй эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг өгүүлнэ.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл болон Швейцарийн хөгжимчин Маттю Мишель, гоцлол бүжигчнээр Б.Одбаяр, УДБЭТ-ын гоцлол балетчин МУГЖ Ч.Ганчимэг нарын олон улсын болон үндэсний авьяаслаг уран бүтээлчдийн баг ажиллаж байна.

Бүжгэн жүжиг “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах юм.

Тус бүжгэн жүжиг энэ сарын 24-нд “Corporate” зочид буудлын концертын танхимд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ