ШЕЗ 10 үр дүнтэй ажлаа онцоллоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-14 12:53:29

ШЕЗ өнөөдөр өөрийн байрандаа "Шүүхийн шинэтгэл 10 үр дүн" сэдэвт хэвлэлийн бага хурал хийв.Хэвлэлийн бага хуралд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Ж. Эрдэнэчимэг, Д.Дамдин-Од нар болон нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцов.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж "Сүүлийн хоёр жил тасралтгүй сар бүр хэвлэлийн бага хурал хийж, хэвэл мэдээллийн байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой явж ирлээ. Шүүхийн шинэтгэлд хэвлэлийнхний гүйцэтгэсэн үүрэг их" гэдгийг онцлон тэмдэглээд шүүхийн шинэтгэл хийсэн 2,7 жилд хийсэн ажлаа анх удаа багцлан дүгнэж үзээд 10 үр дүнтэй ажлаа олон нийтэд хүргэх нь зөв гэж үзлээ хэмээн хэвлэлийн бага хурлыг нээв. Энэхүү үр дүнтэй 10 ажлыг товчхон дүгнэвэл,

Нэгд. Шүүхийн эрх зүйг зохицуулсан шинэ багц хуультай болсноор шүүхийн эрх мэдлийн хомсдлоос гарчээ.

Хоёрт. Шүүхийн бие даасан байдлыг хангаж, шүүхээс шүүхийн захиргааг салгасан байна. Гуравт. Шүүгчийн хараат бус байдлыг ханган амь нас, эрүүл мэндийг анх удаа даатгалдтай болгож, шүүхэд нөлөөлсөн аливаа этгээдэд хариуцлага тооцдог болсон.

Дөрөвт. Шүүх бүхэлдээ шүүн таслах ажлаар дагнаж, шүүгчдийг мэргэшүүлэв.

Тавд.Шүүхийн шийдвэр нээлттэй, шүүх хуралдааныг олон нийтэд ажиглах, үзэх, судлах, бичлэгээр нөхөн үзэх зэрэг бүрэн нээлттэй болгосон нь гол шинэчлэлийн нэг болжээ.

Зургаад. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг чанаржуулж, шүүгчдийн орон тоо 60 хувь нэмэгджээ. 137 хуульчаар шүүгчийн эгнээг нэмснээс гадна шүүгчийн давтан сургалтын хөтөлбөртэй болсон юм.

Долоод. Шүүгчид Монгол Улсдаа төрийн албан хаагчдаас өндөр цалинтай болсныг онцлов. Шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ч өндөр цалин авдаг болжээ.

Наймд.Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх шинэ арга "Эвлэрүүлэн зуучлал"-ыг нэвтрүүлснээр шүүхийн ачаалал эрс буурчээ.

Ест. Шүүхийн аюулгүй байдлыг хангахад шинэ институт болсон Тахарын алба  байгуулан шүүхтэй нягт хамтран ажиллаж байна.

Аравт. Шүүхэд итгэх иргэдийн итгэл эрс өндөрсжээ. 2007 онд шүүхэд иргэдийн ердөө 28 хувь итгэдэг байсан бол 2015 оны судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн 81,4 хувь итгэдэг болж, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 60,6 хувь шүүхэд итгэдэг болсон нь том үр дүн гэдгийг бас онцоллоо.ШЕЗ-ийн өнөөдрийн хурлыг ч өргөтгөн хийсэн нь онцлогтой болсон. Аймаг, хот, дүүргийн Шүүхийн Тамгын газрын дарга нар энэ хуралд оролцлоо.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ