Сэргээн засах 3 дугаар чуулганд манай 26 төлөөлөгч оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-09 18:23:17

 Японы нийслэл Токио хотноо Ази Номхон далайн орнуудын “Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулган”-д манай улсаас 26 төлөөлөгч оролцов.

 Уг чуулганд бүс нутгийн 40 гаруй орны 500 гаруй төлөөлөгч оролцож сайн туршлагаасаа хуваалцжээ. 
Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулганыг нээж Зохион байгуулах хорооны дарга, ноён Шигерю Сумитани, Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээний хорооны гишүүн, ноён Тулика Дас нар үг хэлж,  Японы хун тайж, Японы Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засах нийгэмлэгийн хүндэт тэргүүн Хитачи мэндчилгээ дэвшүүлжээ. 
Чуулганы нээлтэд Япон Улсын Эрүүл мэнд, хуулзүй, Халамжийн дэд сайд Кейко Нагаока хэлэхдээ “Бид тухайн улс орон, бүс нутгаас үл хамааран нэг дор цугларч, өөрийн гэсэн онцгой аргаар Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хөгжүүлж байна. Үүгээр дамжуулж бид тухайн улс орондоо ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж байгаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийг нь оролцуулж байж л ядуурлыг бууруулж чадна. Ер нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа эхнээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж, шийдвэр гаргах түвшинд хүртэл оролцуулж байж амжилтад хүрнэ. Бидний хайж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулан хөгжүүлэхэд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэв. 
 Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-ны Нийгэм, соёлын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Алиса Бала“Ядуурлыг бууруулах ба хамруулан хөгжүүлэх нь” сэдвээрх илтгэлдээ Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бодлогын шинж чанартай хэд хэдэн том баримт бичгийг батлан гаргасан. Тухайлбал, Хүний эрх, эрх чөлөөг хангах тунхаг бичиг, Нийгмийн хамгааллыг бэхжүүлж, сайжруулах тунхаг бичиг гэх мэтийг нэрлэж болно. Удахгүй энэ оны 12 дугаар сард Малайзын Куала Лумпур хотод болох АСЕАН-ны Нийгэм, соёлын хорооны ээлжит хуралдаанаар эдгээр тунхагын хэрэгжилтийг авч хэлэлцэнэ. Бидний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг бэхжүүлж, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, бүх талын үйл ажиллагаанд тэдний оролцоог хангаж, манлайлалыг дээшлүүлж, хүйсийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэн, бизнест хамруулах нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд улсын төсөвтөө тодорхой санхүүжилт тавих ёстой.Хамгийн гол нь төрийн болон ТББ-ууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийнхэнийн хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо чухал” гэж онцлон тэмдэглэжээ. 
Монголын төлөөлөгчид “Хөгжлийн бэрхшээл ба насжилт”, “Хөгжлийн бэрхшээл ба хамруулсан мессеж”, “Хөгжлийн бэрхшээлгүй орчин” гэх мэт хэд хэдэн салбар хуралдаанд оролцож мэдээлэл солилцлоо. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд