ШЕЗ-өөс гавьяат хуульч Л.Бямбаад хүндэтгэл үзүүлэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-11 12:06:59

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хууль зүйн ухааны доктор, Монгол улсын гавьяат хуульч Лувсандоржийн Бямбаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны удирдлагууд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж, шүүхийн байгууллагатай 30 гаруй жил амьдралаа холбож яваа Л.Бямбаа шүүгч Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллахдаа хэвлэл олон нийтийн хэрэгслийн хэлхээ холбоог бэхжүүлэх тулгын чулуу тавилцан  ажилласан юм. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж "Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл хамгийн хүндтэй хүндээ гардуулдаг "Алтан фемида”-г гавьяат хуульч Л.Бямбаад гардуулж, хүндэтгэл үзүүлж байна. Л.Бямбаа шүүх эрх мэдэлд том үүрэг гүйцэтгэсэн. 1992 оны шинэ Үндсэн хууль гарснаас хойш "Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан анхны шүүгч. Эрдмийн ажилдаа бодлогын хүрээнд шүүх эрх мэдлийн тулгамдсан асуудлуудыг сөхөж тавьсан нь Шүүхийн тухай багц хууль болон гарах суурь болсныг зориуд тэмдэглэе. Хоёрдугаарт, Л.Бямбаа бол миний мэдэхийн гурван үеэрээ шүүхэд хүчин зүтгэсэн ганц хүн байж магадгүй. Улсын дээд шүүхэд өөрөө шүүгч хийж байсан, аав нь Улсын дээд шүүхийн дарга байсан, хүү нь мөн шүүх эрх мэдэлд хүчин зүтгэж явааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Танай гэрийн бүлийн хүндтэй газар "Алтан фемида” заларч, аз хийморь, сайн сайхныг бэлгэдэж байх болтугай” гээд "Алтан фемида”-г гардууллаа.

Гавьяат хуульч Л.Бямбаа "Монгол Улсын шүүн таслах ажиллагаанаас Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг удирдан ажиллах үүрэг надад ноогдсон.Тэр үед шүүхийн хэвлэл мэдээллийн бодлого, үйл ажиллагаа хэрхэн явагдах тухай цаасан дээр үггүй байлаа. Шүүх эрх мэдлийг дөрөв дэхь засаглал хэмээгддэг хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйтэй хэрхэн, яаж холбохыг ухаалаг, зохистой, уян хатан бодлогоор авч явахыг зорьж, хичээж ажиллалаа” гээд шүүхийн мэргэшсэн сэтгүүл зүйн үндсийг бүрдүүлж ажилласнаа онцлов.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ