“ДМЮ” клуб БНХАУ-д амжилттай тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-11 07:26:53

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг клуб "Дөчин мянгат Юнайтед"/ДМЮ/-ын 12 хүртэлх насны баг БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна.

Тэд тус хотын хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазад гадны олон орны багтай бэлтгэл хийхийн зэрэгцээ уг тэмцээнд оролцож байгаа юм. Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд дөрвөн улсын 10 баг тойргоор өрсөлдөж байна. "ДМЮ" баг эхний өдөр /XII.09/ БНХАУ-ын Хайнан мужийн шигшээ багт 3:4-өөр хожигдож, "Зачи" бага сургуулийн багийг 13:0, Тонляо хотын Найман хошууны сургуулийн багийг 11:1-ээр тус тус хожлоо.

Харин тэмцээний хоёр дахь өдөр Бразилын алдарт "Флуминенсе"-гийн хүүхдийн багт 0:11-ээр хожигдож, БНХАУ-ын Хянганы долдугаар сургуулийн багийг 14:1-ээр хожсоноор есөн оноотой болов. Рио-де-Жанейрогийн "Флуминенсе"-гийн хувьд 1902 онд байгуулагдсан, алдарт "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийдэг, Бразилын дээд лиг "Сери А"-д дөрөв, цомын тэмцээнд нэг удаа түрүүлсэн, шигшээ багт 50 гаруй тоглогчоо багтаасан баялаг түүхтэй клуб юм. Хөлбөмбөгийн хорхойтнууд агуу Адемир, Диди, Карлос Алберто, Ривелино, Ромарио нар тоглож байсан, өдгөөгийн Бразилын шигшээ баг болон "ПСЖ" клубийн ахлагч Тиаго Силва, "Реал Мадрид"-ын хамгаалагч Марсело нарыг дэлхийн хөлбөмбөгт бэлтгэж өгсөн гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид тус клубийг сайн мэддэг.

"Флуминенсе"-гийн тоглогчид Монгол хүүхдүүдээс нэгээс хоёр насаар ах байсан ч ур чадвар нь үнэхээр илүү, үндсэндээ хөлбөмбөгийн хичээл заасан байна. Хөвгүүдийг бага насны ангиллын тоглолтууд мини хөлбөмбөгийн, жижиг талбайд тавын эсрэг таван тоглогчтой болж байгаа. Үүнийг "ДМЮ" клубийнхэн он гараад эхлэх МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн харж байна. Хэрвээ тэд тэмцээний гурав дахь өдөр ОХУ-ын "Чита" клубтэй амжилттай тоглож чадвал хоёрдугаар байрт ч орох боломжтой юм.

"ДМЮ" эхний таван тоглолтод эсрэг багийн хаалганд нийт 51 гоол оруулахад Б.Дамдинсүрэн 13, Ц.Мөнх-Эрдэнэ 7, Б.Ууганбаяр 6, А.Сугарсайхан 4, Б.Эрхэмбаяр, Э.Орчлон, Г.Цэлмүүн нар нар тус бүр 3, Ц.Намнансүрэн 2 гоол хийжээ.

Эх сурвалж: ДМЮ клуб- Санья хот, БНХАУ

Холбоотой мэдээ