Монгол иргэдэд зориулж Эрээн хотод мэдээллийн самбар байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-11 14:55:35
Дорноговь /МОНЦАМЭ/.БНХАУ-ын Эрээн хот болон ӨМӨЗО, бусад томоохон хот суурин газарт зорчиж буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор  Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас Эрээн хотын "И-Ү" зах буюу (хуучин зээл), автобус вокзалын орчимд мэдээллийн самбар байршуулжээ.
Мэдээллийн самбарыг суугаа орны хууль тогтоомжийг иргэдэд ойлгуулах, цаг үеийн болон шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээх зорилгоор ажиллуулж буй бөгөөд цаашид  мэдээллийг шинэчлэн сайжруулж, шаардлагатай бусад газарт байршуулахаар болсон байна.
Монгол Улсын Замын-Үүдийн боомтоор Эрээн хот руу өдөртөө 6-8 мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гарч байдаг бөгөөд хоёр орны иргэд худалдаа арилжаа хийх үйл явцаас гадна хөрш орны хууль тогтоомжийг мэдэхгүйгээс үүдэж хэрэг зөрчил гаргах, торгуулах, шийтгүүлэх байдал үүсдэг аж.
Жишээ дурдахад 2017 оны тавдугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газар Эрээн хотын Цагдаагийн газар хамтран Эрээн хотод биеэ үнэлж байсан 10-аад монгол эмэгтэйг нутагт нь буцааж байжээ.
Мэдээллийн самбарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд хийгээд Эрээн хот дахь Монгол консулын газрын байршил, утас, хаягийг тодорхой бичсэн аж.
Х.Эрдэнэбулган

Related news