Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-11 11:08:20
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байгаа багш нарын ажил хаялтад Дорноговь аймгийн ерөнхий боловсролын таван сургууль, 12 цэцэрлэг нэгджээ.
Тодруулбал, Сайншанд сумын нэг, хоёр, Айраг, Даланжаргалан, Зүүнбаян сумын сургуулийн багш нар ажил хаяад байгаа буй. Мөн Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгээс бусад нь ажил хаяжээ. Аймгийн хэмжээнд 22  сургуульд 1118 багш, ажилтан алба хаагч ажиллаж буйгаас 647 нь багш нар юм.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас багш нарын цалинг нэмүүлэх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлтээр тусгасан асуудлыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас  шаардаж байгаа аж.
Тухайлбал, улсын төсөвт тусгасан 56.6 тэрбум буюу 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг есдүгээр сард багтаан багш нарт олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш ажилтнуудын цалинг 15-20 хувиар нэмэгдүүлэх, ажил хаяж буй үеийн үүрэг хариуцлагыг ажил олгогч бүрэн хариуцах зэрэг шаардлага тавьж буй гэж Дорноговь аймгийн Үйлдвэрчний  эвлэлийн холбооноос мэдээлэв.
Х.Эрдэнэбулган
 
Related news