Зүүн бүсийн сэтгүүлчдийн урлаг, спортын наадамд Дорноговийнхон спортоор хошуучиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-08-21 22:01:42
Дорноговь /МОНЦАМЭ/. МСНЭ-ээс санаачилж Хэнтий аймаг дахь салбар зөвлөл, ЗДТГ хамтран Хэрлэнгийн хөдөө арал Аварга тосонд наймдугаар сарын 18-20-нд  зохион байгуулсан "Эгшиглэнт үзэг" зүүн бүсийн сэтгүүлчдийн урлаг, спортын их наадамд Говьсүмбэр Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 70 гаруй  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд авьяас билгээ уралдуулан оролцоход Дорноговийн салбар амжилттай спортоор багаараа тэргүүн байрт шалгарав.
Урлаг, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн төрөлд цомхон, хүсэл зорилго нийлсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг эрвийх дэрвийхээрээ оролцож сагсан бөмбөг, эрэгтэй шатараар I байр, эмэгтэй шатар III, байр, гар бөмбөг II  байр, ширээний теннис эрэгтэй, эмэгтэй дэд байр, урлагийн төрөлд III байр, хамтлаг дуу төрөлд III байр,гоцлол дуу III, уран уншлага I байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Харин урлагийн төрөлд багаараа тэргүүн байрт Хэнтий, дэд байрт Дорнод, гутгаар байрт Дорноговь аймаг тус тус шалгарав. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний зорилго нь зүүн бүсийн сэтгүүлчид хоорондоо илүү дотно танилцах, харилцаа хамтын ажиллагаагаа ахиулах, хоорондоо туршлага солилцоход оршсон юм.
Урлаг, спортын нийлбэр оноогоор шилдгийн шилдэг шилжин явах цомыг Дорнодын салбар зөвлөл хүртэж 2020 онд зүүн бүсийн урлаг спортын их наадмыг зохион байгуулах эрх авсан. Тэмцээнд шалгарсан баг тамирчдад МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсэн дэд Ерөнхийлөгч А.Батбаяр, МСНЭ-ийн үйл ажиллагаа, орон нутаг хариуцсан менежер  Б.Мөнхбаяр нар гардуулж баяр хүргэв.
Х.Эрдэнэбулган
Related news