Усан спорт сургалтын төв үйл ажиллагаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-18 13:13:03
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд суманд ашиглалтад орсон усан спорт сургалтын төв үйлчлүүлэгчидээ долдугаар сарын 17-ноос эхлэн хүлээн авч эхэллээ.
Усан спорт сургалтын төвд хичээллэх хүмүүс арьс, цагаан хорхой, цусны шинжилгээг эмнэлгийн байгууллагад өгөх бөгөөд том хүн сарын 80000, хүүхэд  60 000 төгрөгөөр хичээллэх боломжтой аж.
Мөн хүүхдийн зуны түргэвчилсэн сургалт ажлын таван өдөр хичээллэх бөгөөд  сургалтад  долоогоос дээш насны хүүхэд хамрагдах боломжтой. Заасан насны хязгаараас бага насны хүүхэд зайлшгүй сайн сэлдэг, асран хамгаалагчтай суралцана.
Харин байгууллага хамт олон оройн ээлжинд 19:00-21:30 минутын хооронд өдөр, цагаа сонгож гэрээ байгуулж усан спортоор хичээллэх боломжтой. Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуус хүүхдүүдэд спорт,  бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, эрүүл мэндийг дээшлүүлэх үүднээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу дээрх усан спортын төвийг орон нутгийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан юм.
Х.Эрдэнэбулган
Related news